РАЦИОНАЛ УДИРДЛАГЫН ОНОЛ

Удирдлагын онолын салбарт Америкийн эрдэмтдийн дэвшүүлсэн санаан дээр тулгуурлан Японы Гакүйсэн Их Сургуулийн Эдийн Засгийн салбарын бизнесийн удирдлагын тэргүүлэх профессор Тойохиро Коно (Toyohiro Kono) рационал удирдлагын үзэл баримтлалыг хөгжүүлсэн байна. 1975-1976 онуудад Бэркли дахь Калифорны Их Сургуульд, 1980-1981 онуудад Лондонгийн Бизнес Судлалын Дээд Сургуульд зочин профессороор ажиллах явцдаа Америк, Английн пүүсүүдэд удирдлагын үйл явц, байгууллагын зорилго, бүтээгдэхүүний зах зээлийн стратеги, зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагаа, шийдвэр гаргах үйл явц гэх зургаан чиглэлээр судалгаа хийсэн байна (Kono, 1984, p. 1). Мөн Японы нийт 102 пүүсийн үйл ажиллагааг судалгаандаа хамруулсан байна. Эдгээрийн заримаас дурдвал Toyota Motors, Hitachi, Matsushita Electric, Canon зрэг пүүс орно (Kono, 1984, p. 4). Судалгааны өгөгдлийг хэвлэгдсэн материал, ялангуяа жил тутмын судалгааны тайлан, пүүс, компани дээр зохион байгуулагдсан хурлын тэмдэглэл, цахим шуудан түшиглэж хийгдсэн асуулгын судалгааны үр дүн, компаны тухай ном зохиол (нийтдээ 100 орчим) гэх дөрвөн сурвалжид үндэслэн олж авсанаа дурдсан байна (Kono, 1984, хууд. 4).
Үр дүнд нь 1984 онд 11 бүлэг, 83 дэд сэдэв бүхий «Strategy and Structure of Japanese Enterprises» нэрт бүтээлдээ удирдлагын дараах дөрвөн хэв шинжийг тодорхойлсон байна. Үүнд:  
·         Шинийг эрэлхийлэгч-шинжлэгч;
·         Шинийг эрэлхийлэгч-интуитив;
·         Консерватив-шинжлэгч;
·         Консерватив – интуитив гэсэн дөрвөн хэв шинжийг багтаасан байна.
Т. Коногийн үзсэнээр зах зээлийн хатуу өрсөлдөөнт цаг үед байгууллагын өсч хөгжих нөхцөлийг дээд зэргээр хангах учир шинийг эрэлхийлэгч-шинжлэгч удирдлагын хэв шинж хамгийн нийцтэй юм. Удирдлагын харилцаанд шинийг эрэлхийлэгч-шинжлэгч хэв шинж нь дараах онцлог чанарыг бий болгодог байна. Эдгээрт:
·         Байгууллагад үнэнч байдал;
·         Эрч хүчтэй, шинийг санаачлагч байдал;
·         Шинэ үзэл санаа, мэдээллийг шуурхай хүлээн авах байдал;
·         Шинэ санаачлага, үзэл санааг дэмжигч байдал;
·         Шийдвэр гаргалт хурдан байх;
·         Хамт олны үйл ажиллагааг сайн нэгтгэх;
·         Зорилго, зорилтоо нарийн тодорхойлсон байдал;
·         Бусдын үзэл санааг шийдвэр гаргахдаа тооцон үзэх;
·         Бүтэлгүйтлийг боломж гэж харах зэрэг болно.
Коно АНУ, Англи болон Японы пүүс, компаниудыг харьцуулан судалсан байна. Удирдлагын төвшинд томоохон байгууллагын топ менежерийн дундаж наслалтыг судалгааны нэг хувьсагч болгон авч үзжээ. АНУ-ын 656 пүүсийн 1522 захирлын дундаж наслалтыг тооцон үзэхэд 53 байсан бол Японы 102 пүүсийн 2200 орчим захирлын дундаж наслалт 56.4 байжээ. Японд 50 болон түүнээс доош насны захирлын эзлэх хувь 13% байсан бол 50-56 хүртэлх насных нь 66%-ийг эзэлж байв. Эндээс Японы бизнесийн байгууллагад залуу хүнийг удирдах албан тушаалд томилдоггүй, туршлага хардаг гэсэн санаа гарчээ. Үүний зэрэгцээ, Японы Топ Менежерүүдийн Холбооноос 1981 онд 313 пүүсийн 6121 захирлын сонгон шалгаруулалтын үйл явцыг судлаад ихэнхид нь багаар ажиллах чадварыг чухалчлан үзэж байгааг тогтоосон байна. Гэтэл АНУ-ын 656 пүүсийн 1195 захирлын сонгон шалгаруулалтад хувь хүний чадварыг чухалчлан үзсэн байна (Kono, 1984, хуудсд. 31-45).  Боловсролын хувьд 102 пүүсийн 2200 орчим захирлын байдлыг авч үзэхэд 93.8% нь дээд боловсролтой байна. Үүнээс 49.6% нийгмийн ухааны, 44.2% нь инженер, байгалийн ухааны, 6.2% нь бусад мэргэжлийн хүмүүс байна. АНУ, Европын орнуудыг бодвол инженер, байгалийн ухааны мэргэжилтэй топ менежер Японд жин дарж байна (Kono, 1984, хууд. 46). Гэхдээ Японы удирдлагын хэв шинжийг тодорхойлох эдгээр шинж дэлхийн хоёрдугаар дайны дараагаас бий болсон талаар бүтээлдээ дурджээ (Kono, 1984, хууд. 13).
Хэдийгээр Тойохиро Коно өөрөө удирдлагын энэ хэв шинжийг хамтын удирдлагад хамааруулан ойлгож байсан боловч олон судлаачдын хувьд рационал удирдлага гэх ойлголтоор дамжуулан тодорхойлохыг оролддог байна. Дээр дурдсан онцлог чанарыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож буй удирдлагын ажилтанг ардчилсан, дарангуйлсан хэмээн туйлчлан үзэх боломжгүй юм. Технократи шинжийг өөртөө агуулах ийм хүн нөхцөл байдлыг өргөн хүрээгээр харж, хүмүүстэй тогтвортой ажиллах чадвартай байдаг. Ийнхүү Т. Коногийн үзэл баримтлалын үүднээс авч үзэхэд үр дүнтэй удирдлага нь рационал удирдлага бөгөөд хамгийн төгс хэлбэр нь шинийг эрэлхийлэгч-шинжлэгч хэв шинжийн удирдлага болно.
Өөрөөр хэлбэл, удирдлагын хэв шинж үр ашгийн хооронд харилцан эерэг хамаарал байж болохыг Коно гаргасан байна. Нийгмийн практикт үүссэн нөхцөл байдал, ажилтнаа татах удирдлагын чадвар, удирдлагын үйл явцад ажилтны оролцож буй байдал зэргээс хамаардаг байна. Эдгээр нөхцөлийг хам шинжээр авч үзвэл «хамтын удирдлагын үзэл баримтлал» хэмээн тодорхойлж болох байна (Г. П. Геранюшкина, В. Н. Мунгалов, 2016, хуудсд. 44, 45). Гэвч Этүгэн их сургуулийн төгсөх ангийн сурагчдад зуурам таниуц өгөх төдийд Коногийн дэвшүүлсэн ганц сэдвийн хүрээнд бичвэр бэлдэв. Та бүхэнд дэлгэрүүлэн судлахыг хүснэ.

Эх сурвалжийн жагсаалт

Kono, T. (1984). Strategy and Structure of Japanese Enterprises. London and New York: Macmillian Press Ltd.
Г. П. Геранюшкина, В. Н. Мунгалов. (2016). Психология управления: Учебное пособие. Иркутск: Изд-во БГУ.

МОНГОЛЧИЛСОН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР
ЦАХИМ ШУУДАНГИЙН ХАЯГ: otgonbayar.n@etugen.edu.mn

Comments

Popular posts from this blog

ЛЕКЦ №1. УДИРДЛАГЫН СЭТГЭЛ ЗҮЙН СУДЛАХ ЗҮЙЛ

ЛЕКЦ № 2. УДИРДЛАГЫН СЭТГЭЛ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮҮСЭЛ, ХӨГЖИЛ