ЛЕКЦ № 2. УДИРДЛАГЫН СЭТГЭЛ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮҮСЭЛ, ХӨГЖИЛ
Удирдлагын
сэтгэл зүйн судалгаа XIX зуунд хөдөлмөрийн сэтгэл зүй, нийгмийн сэтгэл судлалын хэлбэрээр
хөгжих болсон бөгөөд бие даасан шинжлэх ухааны мэдлэг болохын хувьд XX зууны дунд үед хэлбэржин тогтсон талаар өмнө нэгэнт өгүүлсэн билээ.
Ялдарлан өгүүлэхэд удирдлагын сэтгэл зүйн судалгааг Өрнө Дахинд Америкийн
эрдэмтэн Фридрих У. Тэйлор, Францын судлаач Хэнри Файоль нар хөгжүүлсэн байх
бөгөөд managerial
psychology гэх ойлголт XX зууны 20-оод оны үед шинжлэх ухааны эргэлтэд нэвтэрчээ. Удирдлагын
сэтгэл зүйн үүсэл, хөгжил сэтгэлгээний хувьд менежмент буюу удирдлагын шинжлэх
ухааны үүсэл хөгжилтэй олон талаар давхацдаг. Ингэхлээр, удирдлагын сэтгэл зүйн
хөгжлийг тоймлон өгүүлэхдээ удирдлага хэмээх ойлголт, хэрэглэгдэж ирсэн байдал,
онолын урсгал чиглэл, дэг сургуулийг нэгбүрчлэн авч үзэх шаардлага үүснэ.
Менежмент (Management) гэх үг анх 1589 онд Европ хэлний үгийн санд
орсон боловч Оксфордын тайлбарт 1670 онд хэрэглэсэн хэмээн бичжээ.Харин manager хэмээх
үг 1588 оноос нийтийн хэрэглээнд ашиглагдах болсон. Менежмент хэмээх үг нь
орчин цагийн хэлэнд удирдлага,жолоодлого, зарим тохиолдолд бүр засаглал гэсэн
утгаар ойлгогддог байна.
Менежмент
гэсэн үг нь Англи хэлний to manage буюу удирдан
чиглүүлэх, Латин хэлний manu agere буюу гараар зангах, чиглэл
өгөх, Франц хэлний manageu буюу жолоодох гэсэн
үгнүүдийн бүтээвэр юм. Италид дундад зууны үед үйлдвэр эрхлэх, худалдаа наймаа
хийх, өмч хөрөнгө хариуцан ажиллах хүнийг manneggiare хэмээн
нэрлэдэг байснаас өнөө цагийн менежмент, менежер гэсэн ойлголтууд бий болжээ.
Эртний
Грект удирдлагын ухааныг урлагийн төвшинд ойлгож, демагоги хэмээн
нэрлэдэг байсан ба үүнийг хөгжүүлэхэд гүн ухаантан Платон (Plato)
томоохон хувь нэмэр оруулж, үйлдвэрлэлийн үйл явцыг төрөлжүүлэх зайлшгүй
шаардлагатай гэж үзсэн байдаг. Мөн түүний багш, Грекийн долоон мэргэний
нэг Сократ (Socratus) үйл ажиллагааны янз бүрийн салбар дахь
манлайлагчдын үйл байдлыг шинжлэн судлаад хүнтэй харьцах арга нь нийтлэг
шинжтэй юм гэсэн зарчмын дүгнэлт хийжээ. “Хамгийн гол нь шаардлагатай хүнээ
хэрэгтэй газар нь зөв байршуулж, тавьсан зорилгодоо хүрэх явдал мөн” гэжээ.
Эртний
Ромд гүн ухаантан Катон (Katon) газар эзэмшигч патрициудад дараах
зөвлөмж өгсөн байдаг. Өөрсдийн газар ажиллаж буй плебэй нарт хийх ажлуудыг нь
нарийн хуваарилж өгөх мөн ажлаа хийснийх нь сүүлээр нэг бүрчлэн танилцах, ажлаа
хийж амжаагүй бол ямар учраас цалгардсан болохыг тодлох, жил, жилээр ажлын
төлөвлөгөө гаргах хэрэгтэй гэсэн санаануудыг зөвлөсөн байдаг.
Удирдлагын
сэтгэлгээний түүхэнд томоохон хувь нэмэр оруулсан их хүн бол Италийн гүн
ухаантан, улс төрийн зүтгэлтэн Н. Макиавелли (Nicolla Machiawelli, 1513)
болно. Хаан хүний ухааны царааг тодлох хамгийн төгс арга нь түүний тойрон
хүрээлэгчид өөрөөр хэлбэл түүнд ямар ухаан, билэг бүхий хүмүүс ойр шадарлаж
байгааг тогтоох явдал мөн. Хэрэв ухаан төгс, чадвартай хүмүүс хүрээлэх аваас
түүний удирдах чадварт эргэлзэх хэрэггүй. Хэрэв хаан хүн башир мулгуй, өөрийн
аминч сонирхлыг урьтал болгох хүнийг дэвшүүлэн хэрэглэвэл улс орон зүдрэх болно
гэсэн байдаг.
Б. Карлоф “Ажил
хэргийн стратеги” бүтээлдээ өнөө цагийн удирдлагын ухаан олон мянган
жилийн туршид бүрэлдэн тогтсон гэх баримтыг өгүүлсэн байдаг. Энэхүү баримтыг
хүснэгтлэн дор хавсаргав.
Удирдлагын ухааны он цагийн хэлхээс
|
Он жилүүд
|
Хувь хүн буюу бүлэг
|
Менежментийн ухаанд
оруулсан хувь нэмэр
|
|
МЭӨ5000 он
|
Шумерчууд
|
Баримтуудыг дугаарлаж,
бичиг үсэг үүсгэсэн
|
|
МЭӨ4000 он
|
Эртний Мисир
|
Төлөвлөлт, зохион
байгуулалт, хяналт чухал гэдгийг хүлээн зөвшөөрсөн
|
|
МЭӨ2600 он
|
Эртний Мисир
|
Удирдах байгууллагад
төвлөрлийг сааруулах үзэгдэл бий болгосон
|
|
МЭӨ1800 он
|
Хаммураби хаан
|
Ажлын хөлсний доод
түвшинг тогтоох, хяналт хэрэгжүүлэхэд гэрч, бичиг баримт ашиглах мөн
хариуцлага хүлээлгэх оролдлогыг сэдсэн
|
|
МЭӨ1491 он
|
Еврейчүүд
|
Зохион байгуулалтын
скаляр зарчим нэвтэрүүлсэн
|
|
МЭӨ600 он
|
Навуходоносор хаан
|
Үйлдвэрлэлийг хянах,
ажлыг хөлсөөр дамжуулан урамшуулах
|
|
МЭӨ400 он
|
Гүн ухаантан Сократ
|
Менежментийн нийтлэг
зарчмыг томъёолсон
|
|
МЭӨ400 он
|
Мэргэн Ксенофонт
|
Менежментийг онцгой
төрлийн урлаг гэж үзсэн
|
|
МЭӨ175 он
|
Улс төрийн зүтгэлтэн
Катон
|
Удирдлагын ажлыг
тодорхойлох оролдлого хийсэн
|
|
20 он
|
Исүс Христос
|
Нэгдсэн удирдлага. Алтан
дүрэм. Хүний харилцаа
|
|
1100 он
|
Газала
|
Менежерт тавигдах
шаардлага боловсруулсан
|
|
1835 он
|
Маршалл, Логман
|
Менежментийн ухааны ач
холбогдол, үр нөлөөг хүлээн зөвшөөрсөн
|
|
1881он
|
Жозэф Вартон
|
Дээд сургуульд
үйлдвэрлэлийн менежмент хичээлийг заалгаж эхэлсэн
|
|
1900 он
|
Фридрих У. Тэйлор
|
Шинжлэх ухааны менежмент;
Системийн хандлага; Боловсон хүчний менежмент; Хөдөлмөр, менежментийн хооронд
зохист харилцаа тогтоох; Үүргийн зохион байгуулалт, өөрийн өртөгийг тогтоох,
ажлын цагийн судалгаа, шинжлэх ухааны менежментийн тодорхойлт; Менежерийн ажил,
судалгаа, стандарт, төлөвлөлт, хяналт дээр тулгуурлах
|
|
1916 он
|
Хэнри Файоль
|
Менежментийн ухааны анхны
бүрэн онол, менежментийн үүрэг, зарчим боловсруулж, менежментийн ухааныг их,
дээд сургуульд заах хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн
|
|
1916 он
|
Александр Г.
Черч
|
Менежментийн функционал
үзэл баримтлал боловсруулсан
|
|
1919 он
|
Моррис Л. Кук
|
Менежментийн ухааныг янз
бүрийн салбарт ашиглаж эхэлсэн
|
|
1927 он
|
Элтон Мэйо
|
Бүлгийн социологи үзэл
баримтлал
|
|
1943 он
|
Линдэлл Урвик
|
Менежментийн ухааны
зарчмуудын хамаарлын тогтоох
|
|
1949 он
|
Норбэрт Винэр
|
Мэдээллийн онол дахь
системт шинжилгээг боловсруулсан
|
|
1976 он
|
РозмариСтюарт
|
Менежерүүдийн ажлын
хязгаарлалт, боломжит нөхцөлүүдийн тухай
|
|
1985 он
|
Тэм Пэтэрс
|
Удирдлагын ухаанд
ажилчдад хэрхэн хандаж ажиллах тухай
|
Удирдлага,
удирдлагын сэтгэл зүйг үндсэнд нь дараах дөрвөн бүл онолын хүрээнд авч үзэж
судалдаг. Үүнд.
·
Шинжлэх ухаанч удирдлагын
дэг сургууль
·
Удирдлагын засаг захиргааны
дэг сургууль
·
Удирдлагын хүний харилцааны
дэг сургууль
·
Удирдлагын тогтолцоот
шинжийн дэг сургууль
Удирдлагын сэтгэл зүйн шинжлэх ухаан XIX зууны сүүл,
XX зууны эхээр шинжлэх ухааны мэдлэгийн төвшинд эрчимтэйгээр хөгжих болсон
бөгөөд уг үйлсэд Америкийн инженер Фридрих Уинслоу Тэйлор (Frederick
Winslow Taylor, 1903, 1911) голлох үүрэг гүйцэтгэсэн байна.
Удирдлагын сэтгэл зүй бий болоход өгүүлэн буй үеийн
нийгмийн харилцаа онцгой нөлөө үзүүлсэн байдаг. Англи, Америк дахь аж
үйлдвэрийн хувьсгал нийгмийн харилцааг урьд өмнө хэзээ ч байгаагүй ихээр
хурцатгасан ба нэг талаар баян чинээлэг үйлдвэр эрхлэгчид, нөгөө талаас люмпен гэх
үгээгүй ажилчид гэсэн хоёр туйлыг бүрдүүлж байв. Германы эрдэмтэн Карл Марксын
хэлсэнчлэн “алсан хүнийхээ гавлын ясан аягаар цэцгийн бал шимээгүй цагт
сэтгэл нь үл ханах шүтээн адил” зэрлэг капитализм энэ үед түгээмэлжиж байв.
Дээр өгүүлсэн хоёр туйлын харилцаа хүйтрэхийн хэрээр нийгэмд улс төр, эдийн засаг,
нийгмийн тогтворгүй байдал гаарч эхэлсэн учир үйлдвэр эрхлэгчид аж ахуй эрхлэх
арга барилаа өөрчлөх, ингэснээр ажилчдын зүгээс үзүүлж буй эсэргүүцлийг мохоох
янз бүрийн арга сэдэх болсон юм. Чухам нийгмийн энэ хэрэгцээний биелэл болж удирдлагын
сэтгэл зүй үүсчээ.
Шинжлэх ухаанч удирдлагын дэг
сургууль (1885-1920 он):Үйлдвэрт ажиллах ажилчдын хөдөлмөрийн нөхцөл, ажлын
цаг ашиглалтын үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэстэйгээр судлаж, үүн дээрээ
тулгуурлан ажлын бүтээмж сайжруулах төгс арга олох нь удирдлагын сэтгэл зүйн шинжлэх
ухаанч удирдлагын дэг сургуулийн үндсэн зорилго байв.
Үзэл санааны энэхүү дэг сургуулийг цогцлоон хөгжүүлэгч
нь Америкийн инженер Фридрих Уинслоу Тэйлор (Frederick Winslow Taylor,
1895, 1903, 1911) болно. Мөн Гаррингтон Эмерсон (Garrington
Emerson, 1911), Фрэнк Банкэр Гилбрэт (Gilbreth, Frank Bunker,
1912), Эвелин Моллер Гилбрэт (Lillian Evelyn Moller Gilbreth,
1914), Хэнри Хант (Henry Laurence Gantt, 1903), Хэнри
Форд (Henry Ford, 1902) нарыг шинжлэх ухаанч дэг сургуулийн гол
төлөөлөгчид гэж үздэг.
Энэ дэг сургуулийн төлөөлөгчид ажиглах, учир
шалтгааныг тодлох, дүн шинжилгээ хийх замаар хөдөлмөрийн үйл ажиллагааг
төгөлдөржүүлж биелэлтийн үр ашгийг нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байв. Шинжлэх
ухаанч удирдлагын арга зүйн эхний үе шат нь ажил хөдөлмөрийн явцад дүн
шинжилгээ хийж, шат дамжлагыг тодорхойлох явдал юм.
Ташрамд өгүүлэхэд шинжлэх ухаанч удирдлагын дэг
сургуульд хүний хүчин зүйлийг төдийлөн ач холбогдол өгч судалдаггүй.
Хамгийн гол нь үйлдвэрлэлийн хэмжээ, хөдөлмөрийн
бүтээмжийг дээшлүүлэх сонирхлыг ажилчидад бий болгох хэрэгтэй гэж сургасан.
Нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргахад зарцуулах ажлын цагийг зөв, шударга
тооцоолох замаар үйлдвэрлэлийн тасралтгүй шинж чанарыг хангах боломжтой гэж
үзсэн. Үүнд үйлдвэрлэлийн хэм хэмжээг нарийн тогтоож хэм хэмжээнээс давсан
бүтээгдэхүүн үйлдвэрлэх тэр ажилтанд цалин, хөлсний нэмэгдэл урамшууллыг бүрэн
олгож байх явдал чухал юм.
Тодорхой ажил, үүргийг хэрэгжүүлэхэд нэн шаардлагатай
хүмүүсийг сонгон шалгаруулах асуудалд ач холбогдол өгч ажлын байран дээрх
сургалтыг өндөрөөр үнэлсэн байдаг. Төлөвлөлтийн болон удирдлагын чиг үүргийг
үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас тусдаа авч үзэхийг санал болгосон байна.
Үйлдвэр, аж ахуйн нэгж, пүүсүүд амжилттай байх, ажилтан нэг бүр ажлын байрандаа
ахиц дэвшил гаргах, эсэх нь удирдлагаас ихээхэн хамаарах бөгөөд удирдлага бол
нарийн төвөгтэй мэргэшил болно гэж Тэйлор үзжээ. Үүнтэй холбоотойгоор ажилтан
бүр өөрийн ажлыг төлөвлөж асан үйлдвэрлэлийн хуучин тогтолцоог эрс шүүмжилсэн
байдаг.
Шинжлэх ухаанч удирдлагын дэг сургуулийн жүнхэн үзэл
санаа нь шинжлэх ухааны салбарт бий болсон аливаа ололт, дэвшлийг үйлдвэрлэлийн
үйл ажиллагаанд нэвтрүүлэх замаар байгууллагын зорилгодоо хүрэх үйл явцад
ашиглах хэрэгтэй гэж үзсэн оршино.
Фридрих Уинслоу Тэйлор (1856-1915 он): Америкийн инженер Фридрих Уинслоу Тэйлор1895 онд “Хийснээрээ
авах тогтолцоо”, 1903 онд “Үйлдвэрийн газрын менежмент”,
1911 онд “Шинжлэх ухаанч удирдлагын зарчмууд” нэртэй бүтээлүүд
тус тус гаргажээ.
Тэйлор үйлдвэрлэлийн төлөвлөлтийн үйл ажиллагаанд
онцгой ач холбогдол өгч судалсан байна. Түүний судалгааны ажлуудад ажлын цагийн
хэрхэн зохистой хуваарилах, үйлдвэрлэлийн үйл явцад ямар хүчин зүйлсүүд нөлөөлж
байгааг тодлох санаанууд нэвт шингэсэн байдаг. Ажилчдын давтан
сургалт, мэргэшүүлэх үйл ажиллагаанд ач холбогдол өгч үйлдвэрлэлийн
төлөвлөлтийг зөвхөн менежерүүд хийх ёстой гэсэн санааг дэвшүүлсэн. Ажилтан хүн
ажлын байран дээр зөвхөн нэг ажил, үүргээр мэргэшин ажиллах ёстой гэдгийг
Тэйлор хатуу анхааруулсан байна.
Тэйлор ажилчид, инежерүүдийн ашиг сонирхлын зохицол
дээр суурилсан хамтын үйл ажиллагаа бол үйлдвэрлэлийн менежмент мөн гэх оюун
санааны хувьсгал хийсэн гэж өнөөгийн судлаачид үздэг.
Гаррингтон Эмерсон (1853-1931 он): Америкийн эрдэмтэн Гаррингтон Эмерсон Герман улсад
инженерийн боловсрол олж АНУ-д ажиллаж байсан судлаач юм. Тэрээр 1900 онд “Ажлын
бүтээмж удирдлага, хөдөлмөрийн хөлсний үндэслэл болох нь”, 1912 онд “Ажлын
бүтээмжийн арван хоёр зарчим” бүтээлүүд тус тусбичсэн.
Үр дүнтэй байдал гэдэг нь туйлын бага зардлаар хамгийн
өндөр хөдөлмөрийн бүтээмж бий болгохыг хэлнэ. Үйлдвэр, пүүсүүд үүнд голлон
анхаарч байх хэрэгтэй гэж Эмерсон үзсэн.
Эдгээр бүтээлүүддээ хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтийг
хангах удирдлагын арван хоёр зарчмыг гаргасан.
Эмерсоны дараагаар шинжлэх ухаанч удирдлагын дэг
сургуулийг эхнэр, нөхөр Гилбрэт нар нэлээд өндөр төвшинд хөгжүүлсэн байна.
Эдгээр хүмүүс үйлдвэрийн газар дах ажилчдын хөдөлгөөний асуудлыг тусгайлан
судалсан. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд ажилчдын
хөдөлгөөн ямар байвал нийцтэй вэ гэх асуудал эдгээр хүмүүсийн судалгааны үндсэн
чиглэл болж байлаа. Эхнэр Гилбрэт утга зохиолын чиглэлээр ажиллаж, Калифорнийн
их сургуульд докторын зэрэг горилохыг чармайж байсан боловч үйл явц санаж
байснаас өөрөөр эргэж, шинэ Англид шилжиж, улмаар Брауны их сургуульд
философийн ухаанаар докторын зэрэг горилжээ. 1911 онд “Хөдөлгөөн судлахуй”,
1916 онд “Удирдлагын сэтгэл зүй” гэсэн хоёр бүтээл гаргасан ба
эдгээр бүтээлүүддээ ажилчин хүн ноогдсон ажлаа биелүүлэхийн тулд ямар хөдөлгөөн
хийвэл зохилтой хэмээх асуудлыг хөндсөн байна. Ингэх явцдаа
хронометраж гэх багаж зохиож, терблиги гэж
нэрлэгдсэн үр ашигтай хөдөлгөөний 17 хэлбэрийг тодлосон байдаг.
Удирдлагын сэтгэл зүйн шинжлэх ухаанч удирдлагын
дэгийг цааш шинэ шатад гаргасан хүн бол Америкийн механик-инженер, удирдлагын
асуудлаар зөвлөгөө өгч асан Хэнри Лорэнс Хант (1861-1919 он) болно.
Тэрээр Хантын диаграмм зохиосон гэдгээрээ ихээхэн нэр
олсон байдаг. Хантын диаграммыг томоохон дэд бүтцийн компаниудын төслийг
хэрэгжүүлэхэд ашиглах болжээ. Гэхдээ энд нэг зүйлийг онцгой анхаарах хэрэгтэй.
1903 онд Хэнри Хантын дэвшүүлэн гаргасан диаграммыг 1896 онд Кароля
Адамески (Karol Adamiecki) зохиосон гэх яриа байдаг.
Зарим хүмүүсийн зүгээс дээр нэр дурдсан Кароля
Адамески –тай холбоотойгоор Хантын диаграммыг шүүмжлэх явдал их
байдаг ч энэ нь түүний шинжлэх ухааны ач холбогдлыг бууруулахгүй юм. Отголж
өгүүлэхэд шинжлэх ухаанч удирдлагын дэг сургуулийг хөгжүүлэхэд томоохон
нөлөөлөл болсон хүн бол Америкийн алдарт бизнесмен, онолч Хэнри Форд болно.
Форд ажлын цагийг хорогдуулах, хүн амын нийгмийн хамгаалал, халамжийн асуудлыг
шийдвэрлэх, цалин хөлсний хэмжээг нэмэгдүүлэх зэрэг олон үйл ажиллагааг
нийгмийн практикт зоригтойгоор нэвтрүүлсэн байдаг.
Засаг захиргааны буюу сонгодог дэг
сургууль (1920-1950 он): Өмнө
өгүүлсэн шинжлэх ухаанч удирдлагын дэг сургуулийн төлөөлөгчид их төлөв
үйлдвэрлэлийн удирдлагын тухай асуудалд судалгааныхаа үндсэн сэдвийг чиглүүлж
байсан. Харин засаг захиргааны буюу сонгодог дэг сургууль бий болсноор
удирдлагыг хэрхэн оновчтой зохион байгуулах тухай асуудлыг хөндөх болжээ.
Францын судлаач Хэнри Файоль, Жэймс Д. Муни, Линдэлл
Урвик нарыг энэ дэг сургуулийн сонгодог төлөөлөгчид гэж үздэг.
Энэ дэг сургуулийн төлөөлөгчид байгууллагыг өргөн
хүрээгээр авч үзэж байгууллагын зүй тогтол, ерөнхий шинжид голлон анхаарч байв.
Хамгийг гол нь байгууллагын удирдлагын универсал зарчим, зүй тогтлыг нээн
илрүүлэхийг чухалчлах болжээ. Учир нь байгууллага амжилттай ажиллах, нэмүү
өртөг бүтээх нь түүний удирдлагаас шууд хамаарна гэж үзсэн хэрэг. Хэрэв
байгууллагын бүх хэв шинжид хамааралтай удирдлагын түгээмэл зарчмыг бий болгож
чадвал байгууллага бүр тэдгээрийг үйл ажиллагаандаа ягштал мөрдснөөр амжилтанд
хүрэх бололцоотой гэсэн санааг гаргажээ.
Ингэхдээ дараах хоёр зүйлд онцгой анхаарах хэрэгтэй
гэдгийг онцолсон. Үүнд:
·
Нэгдүгээрт, удирдлагын чиг
үүргүүдийг тодорхойлох, тэдгээрийн харилцан уялдааг нарийн тогтоох
шаардлагатай:
·
Хоёрдугаарт, удирдлагын рационал
тогтолцоог байгууллагын төвшинд бий болгож төлөвшүүлэх хэрэгтэй:
Энэ хоёр нөхцөлийг хангаснаар байгууллага бүр өмнөө
тавьсан зорилгодоо хялбархан хүрэх боломжтой гэж засаг захиргааны буюу сонгодог
дэг сургуулийн төлөөлөгчид үзжээ.
Хүний харилцааны дэг сургууль (1930-1950 он): Шинжлэх ухаанч удирдлагын болон засаг захиргааны дэг
сургуульд үйлдвэрлэлийн үйл явц дах хүний хүчин зүйлийг ажлын бодотой цалин
хөлс олгох, эдийн засгийн урамшуулал хэрэглэх, албан ёсны чиг үүргийн харилцаа
тогтоох төдийгөөр хязгаарлан авч үзсэн байдаг. Гэтэл хүний харилцааны дэг
сургуулийн төлөөлөгчид аливаа байгууллага амжилттай ажиллах, нэмүү өртөг бүтээх
үндсэн бөгөөд гол хүчин зүйл нь хүний, тодруулан хэлбэл ажилчдын ажлын байран
дахь харилцаатай шууд холбоотой гэсэн санааг гаргажээ.
Сонгодог чиг хандлага буюу дэг сургуулийг шүүмжлэх
байдлаар үүссэн учир хүний харилцааны дэг сургуулийг зарим тохиолдолд неоклассик гэж
нэрлэх явдал байдаг.
Энэ дэг сургуулийн төлөөлөгчдийн тоонд Элтон Мэйо,
Мэри Паркэр Фоллэт нарыг багтаан үздэг. Фоллэт анх удаа “менежмент гэдэг нь
бусдын туслалцаатайгаар ажил, үүргээ биелүүлэх үйл ажиллагаа мөн” гэсэн
тодорхойлолт гаргажээ. Харин Элтон Мэйогийн хувьд сайтар зохион байгуулагдсан
хөдөлмөрийн үйл ажиллагаа, сайн цалин хөлс хоёр тэр болгон хөдөлмөрийн
бүтээмжийн өсөлтөд эерэгээр нөлөөлөөд байдаггүй гэсэн алдарт санаагаа
дэвшүүлсэн байна.
Хожим түүний энэ санааг Абрахам Маслоу тэргүүтэй
Америкийн сэтгэл судлаачид баталсан байдаг. Хүний амьдралд эдийн засгийн
сонирхол бус, харин мөнгөний шууд болон шууд бус оролцоотойгоор хангагдах
нийгмийн хэрэгцээ чухал юм байна гэсэн санааг тэд гаргажээ. Үүнийг орчин үеийн
нийгмийн шинжлэх ухаанд Маслоугийн хэрэгцээний шатлалын онол гэж нэрлэдэг.
Удирдлага ажилчидтайгаа эвсэг харилцаатай байх, тэдний
төлөө санаа тавьдаг байх, ажлын байран дээр харилцааны таатай уур амьсгал бий
болгох зэрэг нь эцсийн эцэст хөдөлмөрийн бүтээмж сайжирахад шийдвэрлэх нөлөөтэй
гэсэн санааг хүний харилцааны дэг сургуулийн төлөөлөгчид онцолсон байна.
Дуглас МакГрегор (1906-1964 он): 1950-аад оны эхээр МакГрегор анх удаа өөрийн
удирдлагын тухай үзэл санаагаа “The Human Side of Enterprise” (“Үйлдвэр,
аж ахуйн нэгжийн хүний хүчин зүйл”) бүтээлдээ хөгжүүлжээ.
X болон Y онол дээр суурилсан хүний
нөөцийн хоёр янзын удирдлага үйлдвэрлэлийн явцад үүсдэг.
X онолоор бол ажилчин хүн хөдөлмөрлөх дургүй,
ямагт ажил хөдөлмөрөөс зугтах хандлагатай байдаг. Энэ тохиолдолд үйлдвэрийн
удирдлагын зүгээс арга буюу албадлагын зөөлөн(сайшаах, муучлах),
хатуу (хатуу хяналт тогтоох, шийтгэлийн тогтолцоо
нэвтрүүлэх) хэлбэрийг авч хэрэгжүүлэх шаардлага үүсдэг. Гэхдээ энэ хоёр
арга асуудлыг үр дүнтэй шийдвэрлэх гарц болж чаддаггүй. Тиймээс ажилчдын
хөдөлмөрийн бүтээмжийг үнэлэх шударга тогтолцоо бий болгохын зэрэгцээ өөрийгөө
бусдад илэрхийлэх тэр боломжийг ажилчдад олгох хэрэгтэй.
Харин Y онолоор бол ажилчин хүн ажил
хөдөлмөртөө өөрийгөө бүрэн дайчлах хүч, бололцоотой. Энэ бол амрах, зугаацахтай
адил хүний амьдралын нэг шинж юм. Тиймээс хэрэв удирдлагын зүгээс бүрэн анхаарч
чадвал ажилчид ажлын байрандаа амжилт гаргах бүрэн бололцоотой. Харамсалтай нь,
орчин үеийн аж үйлдвэржсэн нийгэмд хүний бодот боломж, бололцоог бүрэн нээн
илрүүлж, ашиглаж чадахгүй байна гэж МакГрегор
үзжээ. X болон Yонолуудыг тусгаар салангид зүйл гэж үзээгүй ба
хамтад нь авч үзэх зайлшгүй шаардлагатай гэдгийг тэрээр онцолсон. Хэрэв
өөрсдийн доор ажиллах ажилчидтайгаа хариуцлагатай, хүндэтгэн харилцвал тэдний
бүтээлч байдал илүү сайжирч дээшлэх болно гэсэн санааг өнөөгийн менежерүүдэд
МакГрегор ойлгуулахыг оролджээ.
Элтон Мэйо (1880-1945 он): Тэрээр хөдөлмөрийн бүтээмж өсөхөд цалин хөлс, ажлын
байрны нөхцөл нөлөөлөхгүй байх тохиолдол байдаг. Хамгийн гол ажилчин хүний
нийгмийн мөн чанарт тэргүүлэх ач холбогдол өгч анхаарах хэрэгтэй гэсэн санааг
гаргажээ. Үйлдвэрийн удирдлагын хүлээх хамгийн чухал үүрэг нь ажилчин бүрийнхээ
хэрэгцээг хангахад анхаарах явдал юм. Үүнд албан болон албан бус бүхий л
хэлбэрийн харилцааг ашиглах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн үйл ажиллагаанд
хүнлэг байдлыг нэвтрүүлэх нь чухал юм гэж Элтэн Мэйо үзжээ.
Удирдлагын тогтолцоот дэг сургууль (1960-аад он): Дэлхийн II дайны дараагаас социологи,
сэтгэл судлал зэрэг шинжлэх ухаанууд эрчимтэй хөгжиж, судалгааны арга зүй
боловсронгуй болсон нь менежментийн ухаанд удирдлагын үйл байдлыг тандан судлах
дэг сургууль үүсэхэд нөлөөлсөн байна.
Энэ дэг сургуулийн төлөөлөгчдийн тоонд Крис Аржирис,
Рэнсис Лайкэрт, Дуглас МакГрегор, Фридрих Хэрцбэрг нарыг багтаан үздэг.
Хөдөлмөрлөх явцад илэрч буй ажилчид хоорондын
харилцаанд голлон анхаарч байснаараа өмнөх үеийн дэг сургуулиудаас зарчмын
ялгаатай. Ер нь 60-аад оны үед үудирдлагын тогтолцоот хандлагыг удирдлагын
асуудлыг шийдвэрлэх цорын ганц үнэн зөв бөгөөд мадаггүй арга мөн гэсэн
туйлширсан үзэл бодол давамгайлж байв.
Хувь ажилтанд байх биеийн болоод оюун ухааны нөөц
баялагийг дээд зэргээр ашиглах замаар олон хүчин зүйлийг тооцон үзэж байгууллагын
бүтээмжийг дээшлүүлэх бүрэн боломжтой гэж үзсэн. Чухам үүнд удирдлагын
тогтолцоот дэг сургуулийн зорилго оршиж байв.
БИЧВЭРИЙГ БЭЛТГЭСЭН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН
ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ
НЯМААГИЙН ОТГОНБАЯР
ЦАХИМ
ШУУДАНГИЙН ХАЯГ: otgonbayar.n@etugen.edu.mn




Comments
Post a Comment