ЛЕКЦ №1. УДИРДЛАГЫН СЭТГЭЛ ЗҮЙН СУДЛАХ ЗҮЙЛ
·
Удирдлагын
сэтгэл зүйн судлах зүйл, обьект, тодорхойлолт, зорилго, зорилт
·
Удирдлагын
сэтгэл зүй ба бусад шинжлэх ухааны мэдлэгийн харилцан хамаарал
·
Менежмент
буюу хүмүүсийг удирдах үйлийг сэтгэл зүйн үүднээс шинжлэхүй
Хүмүүсийн хамтын хүчин чармайлтын
үр дүнд биелэлээ үл олох хүний үйл ажиллагааны хүрээ, салбар гэж байдаггүй. Үүнтэй
холбоотойгоор уг хүчин чармайлтыг удирдах өөрөөр хэлбэл, зохион байгуулах,
чиглүүлэн ажиллуулж байх шаардлага зүй ёсоор урган гарна. Удирдлага гэдэг нь
үйл ажиллагааны онцгой төрөл байхын зэрэгцээ нийгмийн бие даасан чиг үүрэг
болно. Нийгмийн тогтолцооны нарийн, ээдрээт шинж чанараас үүдэн удирдлагын мөн
чанарт хамаарал бүхий олон асуудал урган гардаг. Гэвч эдгээрийг шийдвэрлэхэд
ганц нэг шинжлэх ухаан юм уу мэдлэгийн төрөл хангалтгүй юм. Шинжлэх ухааны янз бүрийн
мэдлэг удирдлагын асуудлыг тал бүрээс нь шинжлэн судалж байдаг. Өөрөөр хэлбэл,
тогтолцоот шинжээр уг үзэгдлийг судалдаг гэсэн үг юм.
Юуны түрүүнд, залуур зүй буюу
кибернитекийн ухаан удирдлагын үйл явцыг нийгмийн, биологийн, техникийн гэх мэт
олон орчинтой тогтоосон харилцааны явцад нь ерөнхий зүй тогтлоор нөхцөлдүүлэн судалдаг
байна. Энэ мэдлэгийн онолын үндэслэгээ удирдлагын үйл явцыг судлах мэдлэгийн
бусад төрөлд чиглүүр болж өгдөг. Өөрөөр хэлбэл, арга зүйн томоохон ач
холбогдолтой гэсэн үг юм. Кибернитек удирдлагад хамгийн ерөнхий хүрээний
тодорхойлолт өгдөг байна. “Удирдлага гэдэг нь үйл ажиллагааг тодорхой эрэмбэд захируулж,
тогтолцооны бүхэллэг шинж чанарыг хангах байгууллагын чиг үүрэг” (Иванова, 2011, хуудсд. 5, 6) болно.
Хоёрдугаарт, удирдлагын онол гэж
байна. Уг мэдлэгийн төрөл нь удирдлагын зарчим, механизм, чиг үүрэг, онцлог,
аргыг судалдаг байна.
Дээрхээс гадна, социологи, сэтгэл
судлал, эдийн засаг, эрх зүй зэрэг удирдлагын үйл явцыг ямар нэгэн байдлаар авч
судлах нийгмийн шинжлэх ухааны салбар мэдлэгийн төрлүүд байна. Удирдлагыг
нийгмийн үзэгдэл болох талаас нь авч үзэх бөгөөд өөр өөрийн хүрээ, хил
хязгаарын хүрээнд судлахыг чухалчилдаг. Хэдийгээр эдгээр шинжлэх ухааны мэдлэг
тодорхой зааг хязгаартай байх боловч нарийвчлан тогтооход төвөгтэй.
Бидний өнөөдрийг судлах сэдэв бол
удирдлагын сэтгэл зүй юм. Ингэхэд удирдлагын сэтгэл зүй гэж юуг хэлэх вэ?
Удирдлагын үйл ажиллагааны сэтгэл
зүйн учир шалтгаан, зүй тогтлыг судлах ерөнхий сэтгэл судлалын салбар ухааныг
удирдлагын сэтгэл зүй гэнэ (Вайнштейн, 2008, хууд. 13) . Удирдлагын сэтгэл
зүй нь удирдлагын онол, сэтгэл судлалын уулзвар зааг дээр бий болсон (Антонова, 2010, хууд. 7) .
Удирдлагын сэтгэл зүйн судалгаа XIX зуунд хөдөлмөрийн сэтгэл зүй,
нийгмийн сэтгэл судлалын хэлбэрээр хөгжсөн байна. Бие даасан шинжлэх ухааны
мэдлэг болохын хувьд XX
зууны дунд үед хэлбэржин тогтсон. Удирдлагын сэтгэл зүйн судалгааг Өрнө Дахинд Фридрих
У. Тэйлор, Х. Файоль нар хөгжүүлсэн гэж үзэх бөгөөд managerial
psychology гэх
ойлголт XX
зууны 20-оод оны үед шинжлэх ухааны эргэлтэд нэвтэрчээ. Европт XX зууны тэргүүн хагас гэхэд
удирдлагын дараах дөрвөн бүл онол бий болсон байна. Эдгээрт:
·
Хөдөлмөрийн
шинжлэх ухаанч зохион байгуулалтын дэг сургууль:
·
Захиргааны
дэг сургууль:
·
Хүний
харилцааны дэг сургууль:
·
Удирдлагын
шинжлэх ухааны дэг сургууль болно.
Ялдарлан өгүүлэхэд дээрх онолын
хандлагын талаар дараагийн бичвэрт дэлгэрэнгүй дурдах тул үүгээр цэглэж үндсэн
зорилгодоо дөтлөхийг хүснэ.
Анхандаа удирдлагын үйл явцыг
мэдээллийн удирдлага талаас авч үздэг байсан бол өнөө цагт хүмүүсийг удирдах
үйл талаас судлах болжээ. Хамгийн өргөн утгаар нь удирдлагыг үйлдвэрлэл,
нийгмийн орчныг эрэмблэн зохион байгуулахад чиглэгдсэн хүний үйл ажиллагааны
төрөл гэж үзэх болсон. Америкийн цолгорсон эрдэмтэн П. Друкер “зохион
байгуулалтгүй олныг үр ашигтай, зорилго, чиглэлтэй, үйлдвэрлэлийн бүтээлч хамт
олон болгож төлөвшүүлэх үйл ажиллагааны онцгой төрөл нь удирдлага мөн”
гэжээ. Өөрөөр бас тодорхойлсон тохиолдол ч байна. Тухайлбал, И. Д. Ладанов
удирдлагыг “бусад хүмүүсийн хүчин чармайлтыг оновчтой зохион байгуулах
замаар зорилгодоо хүрэх үйл явц мөн” (Ладанов, 1997) гэж үзсэн байна.
Судлаачид янз бүрээр тодорхойлох
боловч удирдлагын сэтгэл зүйн зорилгыг сэтгэл зүйн олон янзын арга, хэрэгслийн
тусламжтайгаар удирдлагаар дамжуулан байгууллагын үйл ажиллагааны чанар, үр
ашгийг дээшлүүлэх боломжит хувилбар боловсруулахад оршино хэмээн үзэж болох
байна. Өөрөөр хэлбэл, удирдлагын асуудлыг шийдвэрлэх сэтгэл зүйн аргыг нээн
илрүүлэх гэж тодорхойлж бас болох юм. Нийгмийн үүдлэгт удирдлагын асуудлыг ганц
сэтгэл зүйн аргаар шийдвэрлэх ёстой гэж явцууран үзэж болохгүй ч удирдлагын
сэтгэл зүй нь асуудлыг энэ өнцгөөс судалдаг болно. Удирдлагын асуудлыг
шийдвэрлэх сэтгэл зүйн арга дараах шинжийг өөртөө агуулах ёстой. Үүнд:
·
Санхүүгийн
алдагдал, сүйтгэл багатай байх ёстой:
·
Их
цаг хугацаа, анхаарал шаарддаг байх ёстой:
·
Бусад
аргатай харьцуулахад үр дүн нь илүү тогтвортой байх ёстой.
Удирдлагын сэтгэл зүйн зорилгыг
шийдвэрлэхийн тулд дараах зорилт дэвшигдэн гардаг. Үүнд:
·
Шинжлэх
ухааны баримт, нотолгоо, мэдээллийг цуглуулах:
·
Цуглуулсан
баримт, нотолгоо, мэдээллээ дахин давтагдах шинж чанар, зүй тогтол дээр нь
тулгуурлан ангилж, эрэмблэх:
·
Асуудлыг
шийдвэрлэх боломжит гарц, хувилбарыг санал болгох, үр дагаврыг тооцоолох:
·
Асуудлыг
шийдвэрлэхэд тулгарч болох сөрөг үр дагаврыг нээн илрүүлэх, урьдчилан сэргийлэх
зэрэг болно.
Хураангуй хэлбэрээр удирдлагын
сэтгэл зүйн судлах зүйл, зорилго, зорилтыг тодорхойлоход ийм бөлгээ. Этүгэн их
сургуулийн хүний нөөцийн удирдлага, төрийн захиргааны төгсөх ангийн сурагчид
бичвэрийг дэлгэрүүлэн судлахыг хүснэ.
Ашигласан эх сурвалж
Антонова,
Н. В. (2010). Психология управления: Учебное пособие . Москва :
Изд-ксий Дом Государственного Университета - ВШЭ.
Вайнштейн, Л. А. (2008). Психология управления и
основы лидерства: Учебное пособие. Минск : ГИУСТ БГУ.
Иванова, В. С. (2011). Психология управления:
Учебное пособие. Томск : Изд-во Томского политехнического университета.
Ладанов, И. Д. (1997). Психология управления
рыночными структурами: Преобразующее лидерство. Москва : УЦ
«Перспектива».
БИЧВЭРИЙГ
БЭЛТГЭСЭН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УЛС ТӨР
СУДЛААЧ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР




Comments
Post a Comment